Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, 8 дугаар сарын 20-н гэхэд нийт нутгийн 55 гаруй хувьд дунд, 45 орчим хувьд муу үнэлгээтэй байсан байна.
2020 оны 12 дугаар сарын 10-ний байдлаар Баянхонгор аймгийн нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаагаас Хангайн уулархаг нутаг болох Байдраг, Заг, Галуут, Гурванбулаг, Эрдэнэцогт, Шаргалжуут, Бөмбөгөр, Баянхонгор, Өлзийт, Хүрээмарал, Бууцагаан зэрэг сумдад 3-12 см зузаан, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, нягт нь 0.05-0.17 г/см3, харин Говийн сумдаар Баян-Өндөр, Шинэжинстэд 1-2 см цастай, бусад сумдын нутгаар цасгүй байна.
2020 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 85 гаруй хувьд нэн их эрсдэлтэй, 15 орчим хувьдаа их эрсдэлтэй гарлаа.
Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор аймгийн 55%-д дунд, 45%-д муу байсан ба өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин буюу 500 дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа, түүнчлэн 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн цас ахиу орсон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3...-12 градусаар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
Иймээс Аймгийн нийт нутгийн 85 гаруй хувьдаа / улаан хүрэн / өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэн ихтэй байна.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
БАЯНХОНГОР АЙМГИЙН УЦУОШТӨВ
2020-12-15