Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт
Баянхонгор аймгийн уур амьсгалын тойм
Баянхонгор аймаг нь 116.0 мянган дөрвөлжин километр нутагтай, далай түвшнээс дээш 974-2435м хүртэл өндөр өргөгдсөн, газар нутгийн хотгор гүдгэрийн ялгаа ихтэй зэрэг нь агаарын температур, хур тунадасны газар зүйн хуваарилалтанд ихээхэн нөлөөлж бүс нутгийн хувьд жил, сарын температур, хур тунадас жигд биш байдаг билээ.
Агаарын температурын горим.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт уур амьсгалын дундажаар /1885-2016/ жилийн дундаж температур нутгийн хойд хэсгээр -4.1-ээс -7.5 градусын хүйтэн, төвийн хэсгээр 0.0 градус байхад өмнөд хэсэгт 2.8-аас 8.8 хэмийн дулаан байгаа нь дулаан хүйтний хэлбэлзэл ихтэйг илтгэнэ.
Манай аймгийн өмнөд хэсэг нь Азийн хуурай, хуурайдуу говь цөлийн бүсэд багтдаг бөгөөд хамгийн халууны туйл болдог юм. Аймгийн нийт нутаг дэвсгэрт агаарын үнэмлэхүй их температур 7 сард тохиодог. Температур хуваарилалтаар нутгийн хойд хэсэг болон алтай салбар ууланд орших хэсэгт 28.1-ээс 31.8 градус, төвийн хэсэгт 31.0-ээс 36.6 градус өмнөд хэсэгт 38.8-аас 44.9 гадус дулаан байдаг. Шинэжинст сумын Эхийн гол өртөөнд 1992 оны 07 дугаар сард 44.9 хэм хүрсэн.
Агаарын үнэмлэхүй бага температурын хуваарлалтаар: Нийт нутаг дэвсгэрт уур амьсгалын дундажаар жилийн хамгийн хүйтэн мөч 1 сард байдаг. Аймгийн хойд хэсгээр -39.4-аас -49.5 гадус, төв хэсэгт -35.1-ээс -39.9 градус, өмнөд хэсэгт -35.6-аас -44.1 градус хүртэл хүйтэрдэг. Гурванбулаг сумын нутгаар 2015 оны 01 дүгээр сард -49.5 хэмээр хүйтэрсэн байдаг.
Хур тунадасны горим. Баянхонгор аймгийн газар нутаг нь Алтай, Хангай нурууны хоорондох өргөн уудам нутагтай орох хур тунадасны хэмжээ газар зүйн өвөрмөц хуваарилалтай. Уур амьсгалын дундажаар жилд Хангайн гол нуруудын орчимд 190-230мм үүнээс их, салбар уулсын орчим 150-190 мм орчим хур тунадас ордог. Аймгийн төвийн хэсэг, Алтайн нурууны салбар уулсад орших нутгуудад 95-150мм хур тунадас буудаг байхад говийн өмнөд хэсэгт 90мм-ээс бага хур тунадас унадаг.
Баянхонгор аймгийн нутагт жилийн дулааны улиралд болох 4-10 сард нийт орох хур тунадасны 90-94% нь ордог нь Монгол орны хур тунадасны горим манай аймаг тод илэрдэг.
Тогтвортой цаг агаар ноёлох өвлийн /11-3сар/ улиралд аймгийн нийт нутгаар уур амьсгалын дундажаар 4.9-өөс 14.6 мм хур тунадас орох бөгөөд 1, 2 сард 0.4-өөс 3 мм орчим унадаг.
Салхины горим. Салхины горим нь агаар мандлын орчил урсгал, тухайн орон нутгийн уул зүйн онцлогоос хамаарна.
Салхины чиглэл. Баянхонгор аймгийн нутагт монгол орны бусад нутгийн адил хойд, баруун хойд чиглэлийн салхи голчилон давтагддаг. Салхины зохиолох чиглэл улирал сар бүрд нутгийн онцлогоос болж өвөрмөц боловч салхины ерөнхий горим хадгалагдаж байдаг. Судалгааны үр дүнгээр харахад: Өвлийн улиралд баруун хойноос 27.3 хувь, хойноос 24.8 хувь, баруунаас 6.2 хувь зүүн хойноос 9 хувь, салхигүй үеийн давтагдал 20.2 хувь байгаагаас харахад баруун хойд болон хойд чиглэлийн салхи ноёлж байна.
Хаврын улирлын салхины чиглэл баруун хойд чиглэлээс 30.0 хувь, баруунаас 20 хувь, хойноос 13.1 хувь, зүүн хойноос 3.0 хувь, баруун өмнөөс 3.0 хувь, салхигүй үеийн давтагдал 10.1 хувь байдаг байна.
Зуны улиралд салхины зонхилох чиглэлийн давтагдал нь баруун хойноос 17.5 хувь, баруунаас 16 хувь, хойноос 9.7 хувь, бусад бүх чиглэлээс 7 хувь, салхигүй үеийн давтагдал 20.6 хувь байдаг.
Намрын улиралд салхины зонхилох чиглэл нь баруун хойноос 28.0 хувь, баруунаас 16 хувь, хойноос 15.4 хувь, зүүн хойноос 4.0 хувь, салхигүй үеийн давтагдал 12.6 хувь байгаа нь хаврын улиралтай ойролцоо давтагдалтай байна.
Гэвч орон нутгийн онцлогоос шалтгаалан өвөрмөц байдал илэрдэг. Жилийн дундаж байдлаар Баянхонгор суманд баруунаас 7.9%, баруун хойноос 22.8%, давтагдалтай салхины ерөнхий горим илэрдэг боловч Түйн голын сав дагуу зүүн хойноос 38.3% илүү давтагдалтай байгаа нь орон нутгийн онцлог байдлын жишээ юм.
Салхины хурд. Баянхонгор аймгийн салхины жилийн дундаж хурд уур амьсгалын дундажаар говийн нутгаар 3.4м/с, тал хээрийн нутгаар 2.8м/с, хангай уулархаг нутгаар 2.0м/с байдаг.
Шороон шуурга. Салхины хурд, хөрсний байдалтай уялдан шороон шуургатай өдрийн тоо түүний эрч хүч газар бүр харилцан адилгүй байдаг. Жилд дунджаар хангай бүсийн нутгаар 25 өдөр, тал хээрийн бүсийн нутгаар 34 өдөр, говийн бүсийн нутгаар 38 өдөр шороон шуургатай байдаг.
Уур амьсгалын тодорхойлолт бичсэн:
Цаг уур, уур амьсгалын инженер Л.Алимаа
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Баянхонгор аймгийн уур амьсгалын тойм | 2017-09-15 | 2024-11-30 | 3569 |
Уур амьсгалын тодорхойлолт 1 | 2016-11-08 | 2024-12-02 | 1040 |