Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2017-2018 ОНЫ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ, БАГТААМЖ
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН
ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал Баянхонгор аймгийн 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт сумдын 28.6% гандуу, 61.9% гантай, 9.5 хувьд муу байв. Энэ зун ихэнх сумдаар ногоо эрт цухуйж гарсан боловч, 6,7 дугаар сард хур тунадас ОЖД-аас бага, мөн агаартаа халсаны улмаас зуншлага сайжирсангүй.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
15% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
10% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
30% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
10% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
30% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
/Бэлчээрийн даацын зураг, 2017 оны 8 дугаар сарын 22/.
Өөрөөр хэлбэл нутгийн 20 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Сумын дүнгээр авч үзвэл Баянхонгор, Галуут, Эрдэнэцогт, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баянлиг, Баянговь, Өлзийт, Баян-Овоо,Заг сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баянхонгорын Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баян-Овоо, Баянхонгор, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Эрдэнэцогт, Галуут, Гурванбулаг, Өлзийт, Шинэжинст, Хүрээмарал, Заг сумын ихэнх багууд орж байна.
Бэлчээрийн даац ийнхүү ихэнх сумдаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
БАЯНХОНГОР АЙМАГ УЦУОШГАЗАР
2017.09.01.