2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

 УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 

        Дөрөвдүгээр сарын агаарын температурын дундаж нь 1981-2010 оны дунджаар Хээр тал, Хангайн уулархаг нутгаар 2-6 градус хүйтэн, Шинэжинст,  Баян-Өндөрийн өмнөд хэсэг, Баянлигийн өмнөд хил дагуух нутгаар 7-12 градус, бусад нутгаар 1-7 градус дулаан байдаг (1 дүгээр зураг).

       1981-2010 оны дунджаар Гурванбулаг, Байдраг, Галуут, Эрдэнэцогт сумдын хил дагуух нутгаар 8-10 мм, Баян-Өндөр, Шинэжинстийн өмнөд хэсэг, Баянлигийн өмнөд хил дагуух нутгаар 2-4мм, бусад нутгаар 4-7 мм хур тунадас ордог(2 дугаар зураг).

       Салхи 15 м/с-ээс давж шуурах нь тухайн сард дунджаар 3-5 удаа тохиолддог ч зарим жил 8-13 удаа ажиглагддаг.

      2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

             Энэ сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй (3 дугаар зураг).

            Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэнд бага зэрэг хүйтэрч Хүрэн бэлчирийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-8 градус хүйтэн, өдөртөө 11-15 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-9 градус, өдөртөө 19-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

            Энэ сард Баян-Өндөрийн зүүн өмнөд, Шинэжинстийн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй(4 дүгээр зураг).

            Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 13-15м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 19-23 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС