БАЯНХОНГОР АЙМГИЙН 2019-2020 ОНЫ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖ

2019-2020 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

 

Зуншлагын байдал 2019 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.

 

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

 

40% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

24% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

23% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

  7% нь 301-500 хувь        (даац 3-5 дахин хэтэрсэн)

  6% нь 500 хувиас их      (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл: Манай аймгийн хувьд нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарлаа. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур ихтэй, зуншлага сайн, харин говийн нутгаар 7 дугаар сарын сүүлчээс зуншлагын байдал дээрдэж байна. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.

Сумдын дүнгээр авч үзвэл:  Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Баян-говь, Богд, Жинст сумын ихэнх нутгаар  бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.      

Даац их, олон дахин  хэмжээгээр хэтэрсэн нутагт:  Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан багууд Баянхонгорын Баян-Овоо Мандалхайрхан  1-р баг, Мэргэн 4-р баг, Баацагааны Баян-Сайр 2-р баг, Буйлсан 3-р баг, Баянцагааны Гичгэнэ 1-р баг, Богдын Гурван гол 2-р баг, Далан түрүү 3-р багуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан.

Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан  сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй. 

   ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН 

БАЯНХОНГОР АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019-08-30