БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргадаг.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд цастай байгаагаас  Хангайн уулархаг нутаг болох Байдраг, Заг, Галуут, Гурванбулаг,  Эрдэнэцогт, Шаргалжуут, Бөмбөгөр, Баянхонгор, Жинст, Богд, Баянлиг зэрэг сумдад 0-6 см зузаан, нягт  нь 0,12-0,20 г/см3, харин бусад сумдын нутгаар цасгүй  байна.

2020 оны 01 дүгээр сарын 02-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд их ,нэн их  30 гаруй хувьд  дунд зэрэг 10 гаруй хувьдаа  эрсдэл багатай гарлаа.

Үүнээс Баянхонгорын Гурванбулаг, Байдраг, Галуут, Эрдэнэцогт, Шаргалжуут, Бөмбөгөр, Баянхонгор , Өлзийт, Баянговь, Баянлигийн  зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.

Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч хараар зутрах нөхцөл үүсч байгаагаас харын зуд болох төлөвтэй байна.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

БАЯНХОНГОР АЙМГИЙН УЦУОШТӨВ